The American Center for Mongolian Studies is pleased to announce the second discussion of the “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on “What is Museum Education: The Needs and Importance of Museum Education ” and will be led by Binderiya Munkhbat, the first alumnus of the ACMS-Rubin Museum of Art internship program. Our cultural heritage programs are intended to train museum professionals, run exchange programs funded by the Henry Luce Foundation in the USA. The discussion will be delivered in Mongolian.
Америкийн Монгол Судлалын Төвийн шинэ онд эхлүүлсэн “Соёлын Ѳв-Цуврал Хэлэлцүүлэг” цахим үйл ажиллагааг сар болгон цуврал хэлбэрээр та бүхэнд хүргэж байгаа билээ. Эдгээр хэлэлцүүлэгт музейн салбарт тулгамдаж буй асуудалтай холбоотой сэдвийг хамрах ба хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг маань “Музейн боловсрол гэж юу вэ? Музейн боловсролын хэрэгцээ шаардлага, ач холбогдол” сэдвээр явагдах бөгөөд манай Соёлын Өвийн Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн Монголын музей, соёлын салбарын мэргэжилтнүүдийг АНУ-ын Рубины Урлагийн Музейд дадлагажуулах хөтөлбөрийн анхны төгсөгч М.Биндэръяа хэлэлцүүлгийг удирдан явуулах юм. Манай Соёлын Ѳвийн Хѳтѳлбѳр АНУ дахь Henry Luce Foundation дэмжлэгтэйгээр музейн боловсон хүчин бэлтгэхэд дэмжин туслах, мэргэжилтэн харилцан солилцох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Хэлэлцүүлэг хийх шалтгаан:
Музейн зорилт нь зөвхөн ямар нэг үзэгдэл, үйл явцын тухай мэдээллийг дамжуулж, баримт материалыг заахад бус мөн үзэгчдийн дотоод ертөнцөд хандаж, мэдрэхүй сэтгэл хөдлөлд нөлөөлж, түүхэн орчинд оруулан, сэтгэмжийг нь хөгжүүлэн сонирхлыг нь төрүүлж, сэтгэлийн таашаал өгч, суралцуулахад оршино (Ambrose T, Paine C 1992) гэсэн барууны орнуудын музейн боловсролын үйл ажиллагааны тухай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал байдаг.
2015 онд ЮНЕСКО ба Олон Улсын Музейн Зөвлөл (ICOM) хамтран боловсруулсан “Музей ба цуглуулгыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, тэдгээрийн олон янз байдал болон нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар зөвлөмж” –д музейг хадгалах, судалгаа, коммуникаци, боловсрол гэсэн үндсэн үүргүүдтэй гэж үзжээ. Уг зөвлөмжөөр дээрх үүрэг нь музейн үндсэн бүхий л үйл ажиллагааг хүмүүст мэдлэг олгох, нийгэмд бодитоор нөлөөлөх тогтвортой хөгжлийг хангаж ажиллахад анхаарлаа хандуулахыг уриалсан байна.(Д.Эрдмаа, 2019).
Үүнээс музейн коммуникаци, ялангуяа боловсрол гэсэн үүргийн талаар энэ удаагийн “Соёлын Өв” хэлэлцүүлгээр онцлон ярилцахыг зорьсон болно.
Дээр дурьдсан зөвлөмжид музейн коммуникаци: цуглуулга ба түүх соёлын дурсгалын тухай мэдлэгийг нийгэмд идэвхитэй түгээх үүргийг гүйцэтгэхийн тулд харилцааны бүхий л хэлбэрийг ашиглан, тухайлбал, төрөл бүрийн арга хэмжээ, бусад соёлын үйл ажиллагаанд бодитоор ба цахим хэлбэрээр оролцон нийгмийн оролцоог хангаж, шинэ үзэгчийг татах, нийгмийн бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжин бэхжүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлэх. Музейн боловсрол: мэдлэг олгох, боловсрол болон хүмүүжлийн хөтөлбөрүүдийг бий болгох, хөгжүүлэх, дамжуулах замаар албан, албан бус ба насан туршийн боловсролд оролцоно(UNESCO, 2016) гэжээ.
Тэгвэл Монгол улсын музей салбар коммуникаци ба боловсролын үүргээ хэр биелүүлж бидний өдөр тутмын амьдралд хэрхэн оролцож байна вэ? Энэ сэдвийн дагуу олон нийтэд ойлголт өгөх, салбарын төлөөлөл болон олон нийт хооронд өөрсдийн байр суурь, санал бодлоо хуваалцах боломжийг энэхүү хэлэлцүүлгээр олгож Монголын музейн салбарын нийгэмд үзүүлэх эерэг нөлөө цаашдын хөгжилд тус нэмэр болно гэж найдаж байна.
Хэлэлцүүлгийн зорилго:
Орчин үеийн музейн гол үүргийн нэг музейн боловсролын ойлголт, хөгжил, түүний хүний нөөцийн асуудал болон эдгээрт нөлөөлөгч хүчин зүйлүүдийг сайтар судлах хэрэгцээ шаардлага бидэнд үүсээд байна. Иймд энэхүү хэлэлцүүлгээр Музейн боловсрол нь:
- Ямар хэрэгцээ шаардлагын улмаас бидний нийгэмд хэрэгтэй байна вэ?
- Албан боловсрол буюу сургуулиар олгож байгаа боловсролоос ялгагдах онцлог, ялгаа, давуу тал
- Соёлын өвийн боловсролыг олгоход хэрхэн оролцож байна вэ?
- Цаашдын хөгжилд юуг анхаарах вэ?
- Одоогийн цар тахлын үед тулгарч байгаа асуудлууд болон түүний дараа хэрхэн хөгжих чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?
зэрэг асуултуудад салбарын хүмүүсийн хариулт, ойлголтыг олон нийтэд хүргэх зорилготой юм.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
10:00-10:03 Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, АМСТ-c Люс Сангаас санхүүжүүлэлтээр хэрэгжүүлдэг соёлын өвийн солилцооны хөтөлбөрийн талаар танилцуулна.
10:03-10:04 АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрмийг танилцуулан, Модераторыг танилцуулна.
10:04-10:05 Модератор зочин илтгэгчдийг танилцуулна.
10:05-10:20 Модератор музейн боловсролын ойлголт ба онцлог ялгааг АНУ-ын музейн жишээг Монгол музейн боловсролын ажлын жишээтэй харьцуулан PPT үзүүлэн ярина. (Жишээ болгох музейнүүд: Рубин урлагийн музей, Америкийн байгаль түүхийн музей, Алф палеонтологийн музей, Монголын Динозавр Судлалын Хүрээлэнгийн Нүүдлийн динозаврын музей)
10:20-10:55 Зочин илтгэгчид өөрийн төлөөлж буй музейн онцлог болон боловсролын ажлуудын тухай тус бүр товч танилцуулна. Илтгэгч тус бүр 5 мин-д өөрийн музейн гол онцлог түүнд тохирсон олон нийтэд зориулан хэрэгждэг гол (3 хүртэлх) боловсролын хөтөлбөрүүдийг танилцуулна.
- Зочин илтгэгч МҮМ – Д.Эрдмаа PPT үзүүлэн ярина (5 мин)
- Зочин илтгэгч Байгалийн түүхийн музей – Б.Батболд PPT үзүүлэн ярина (5 мин)
- Зочин илтгэгч Баян-Өлгий аймгийн музей – М.Айсулу PPT үзүүлэн ярина (5 мин)
- Зочин илтгэгч Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей – А.Солонго PPT үзүүлэн ярина (5 мин)
- Зочин илтгэгч Оюун ухааны олон улсын музей – Т.Мөнх-Итгэлт PPT үзүүлэн ярина (5 мин)
10:55-11:20 Монголын музейн салбарт түүн дотроо музейн боловсролын чиглэлд тулгамдаж буй асуудлуудын тухай Модераторын бэлдсэн чиглүүлэх асуултуудад зочин илтгэгчид хариулан хоорондоо саналаа хуваалцана.
11:20-11:45 Олон нийтийн оролцоотой дээрх асуудлуудыг шийдэх боломж? – Модераторын чиглүүлэх асуулт болон үзэгч олон нийтээс ирсэн асуултад Зочин илтгэгчид үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй асуулт хариултын хэсэг
11:45-11:50 Дүгнэлт хэсэг: Модератор хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлуудыг товч дүгнэн хэлж хэлэлцүүлгийг дуусгана. Уг хэлэлцүүлгийн бичлэгийн доор олон нийтийг үргэлжлүүлэн санал бодлоо хуваалцахыг уриална.